Ток Ток-н "АНХНЫ ЯВГАН ХҮРГЭГЧ" Б. Хүслэн

Сайн уу? Би 17 настай, Оном сургуулийн 12-р ангид суралцдаг. Хичээлийнхээ хажуугаар Ток Ток-д хэрхэн явганаар хүргэлт хийдэг тухайгаа танд ярьж өгье.

Анх яагаад ажилд орсон бэ? гэхээр томрох тусам л өдөр бүр аав, ээжээсээ хэрэглээний мөнгө асуух хэцүү санагдаж эхэлсэн. Найзуудтайгаа гадуур явах, кино үзэх гэхээр л мөнгөний хэрэг гардаг учраас өөрөө л ольё гэж бодсон. Олон газраар ажил хайсан ч “арай л жоохон байна” гээд намайг тоогоогүй л дээ. Харин ах маань нэг өдөр Ток Ток-г санал болгоод, очиж үзтэл бүх хүмүүс нь залуухан, уриалагхан болохоор их гоё санагдаж байлаа. Гэхдээ хүргэлт хийхийн тулд дугуй, мопед, машины аль нэгээр нь хүргэх ёстой гэхэд нь “явганаар хүргэж болох уу?” гэж асуусан юм. Саналыг минь нээлттэй хүлээж авснаар ажил маань эхэлсэн дээ. Тэрнээс хойш Ток Ток бүр 4 явган хүргэгчтэй болчихсон гэж дуулсан шүү. Аав, ээждээ Ток Ток-д ажиллах гэж байгаагаа хэлэнгээ зөвшөөрөл авахад сайн байна, болгоомжтой яваарай гэж захисан. Харин саяхан хүргэлтээ хийж байгаа зураг маань фэйсбүүкт орсныг хараад аав, ээжээс гадна ах, эгч нар хүртэл бахархаж байна лээ.

Миний хувьд хичээлээ тараад, өдөрт 6-8 хүргэлт хийдэг. Хүргэх цагаа хүссэнээрээ сонгодог учраас над шиг хичээлтэй, ажилтай хүмүүст их амар. Анхны ажил болохоор ч тэр үү хүргэлт хийснээсээ хойш маш их зүйл сурч, хувь хүн талаасаа өөрчлөгдөж эхэлсэн. Бүрэг, ичимхий байсан бол харилцах чадвар маань сайжирч, хамаагүй нээлттэй болсон. Хажуугаар нь аппликэйшн дээр ажиллаж сурна, хаяг байршлын мэдээлэлтэй болно, ресторан, хоолны талаар ч гэсэн зөндөө мэдлэг, туршлагатай болж байгаа нь цаашид ч хэрэг болно гэж итгэдэг. Хамгийн гоё нь гэвэл өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөө, өөрөө зарцуулах нь цаанаасаа л нэг гоё мэдрэмж байсан шүү.

Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд хэрэв хүргэлт бага зэрэг хоцорвол, хүлээцтэй хандаасай гэж хүсье. Бид нар хэчнээн хурдан хүргэхийг хүсэв ч өөр шалтгаанаас болж хоцрох үе байдаг юм шүү.

Хаяа ресторан дээрээ очоод хоолоо гарахыг хүлээнэ. Харин хоолоо авлаа л бол хамгийн хурднаараа хичээдэг. Ажлынхаа эхний өдөр хэрэглэгчдээ загнуулаад маш хэцүү санагдсан ч “дахиж ийм алдаа гаргахгүй ээ” гэж өөртөө амлалт өгөөд, шантралгүй ажилласаар 1 сар болж байна. Учир нь хамт олон маань намайг маш халуун, дулаанаар хүлээж авсан. Гадуур явж байхад намайг мэдэхгүй ч хувцсаар минь таниад хэрэг болох зүйлс зөвлөдөг. Хаяа машинтай хүргэлтийн ах нар маань, анхны явган хүргэгч байна гээд л захиалгаруу маань дөхүүлээд өгнө.

Би удахгүй сургуулиа төгсөөд гадаад харилцааны мэргэжлээр их сургуульд суралцана. Оюутан болсон ч Ток Ток-доо ажилласаар байна гэж бодож байна. Харин тэр үедээ дугуйтай болчихсон бүр хурдан, олон хүргэлт хийнэ ээ.

Хэрвээ та Ток Ток-н явган хүргэгч болохыг хүсэж байвал нойр, хоолоо сайн зохицуулаад, дулаахан хувцаслаарай гэж захья. Баярлалаа
