Ковидын эрсдэлийг бууруулж, Эдийн засгийг аврах бизнес бол хүргэлтийн үйлчилгээ

Хүн бүрийн чихэнд өдөр бүр дуулдаж, 8 настай балчраас 80 настай буурайг хүртэл түгшээж буй Ковид-19 цар тахлаас үүдэн бидний амьдралын хэв маяг сүүлийн 1 жилд орвонгоороо өөрчлөгдсөн. Хөл хориогоор олон байгууллага хаалгаа барьж байгаа ч, бизнесүүд үйл ажиллагаагаа таслахгүйгээр авч явахад хувь нэмрээ оруулж буй хүргэлтийн компани болох Ток Ток аппликэйшний захирал Ч.Долгорсүрэнтэй ярилцлаа.
Ток Ток аппликэйшн нь 2 жилийн өмнө ээжүүдэд туслах зорилгоор живх хүргэж эхэлсэн бол өнөөдөр хоол, хүнс, шингэн хүнснээс эхлээд хүргэж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг аппликэйшндээ амжилттай нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар 400’000 давсан хэрэглэгчтэй 400 гаруй харилцагчтайгаар хэрэглэгч бүрийнхээ хэрэгцээт бүтээгдэхүүнийг түргэн, шуурхай хүргэж байна.
Ковидын үед хүргэлтийн бизнесийн хувь нэмэр хэр чухал байна вэ?
Энэ цаг үед хэрхэн хүн хоорондын харилцааг бууруулж, эдийн засгаа унагаахгүй жижиг, дунд бизнесээ аврах вэ? гэдэг хоёр чухал асуудал бид бүхэнд тулгараад байна. Энэхүү асуудлыг шийдэх хамгийн оновчтой гарц гаргалгаа, олон улсаас шалгарсан шилдэг кэйс бол хүргэлтийн үйлчилгээгээ дэмжих юм. Жишээлбэл нэг дэлгүүрт 10 хүн орж хоорондоо контакт үүсгэх үү? Эсвэл нэг дэлгүүрт ганцхан хүргэлтийн ажилтан ороод арван айлд хүргэж өгсөн нь дээр үү? Хүргэлтийн үйлчилгээ нь хүмүүсийн контактыг бууруулж, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулалгүй хэвээр үргэлжлүүлэх хамгийн том боломж юм.
Хөл хорионы үед танай хүргэлт хэрхэн хийгдэж байна вэ?
Хөл хориогоор зарим төрлийн бүтээгдэхүүн хүргэлтийг зөвшөөрөөгүй тул бид зөвхөн зөвшөөрөгдсөн хүнс болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг хүргэж байна. Мөн машины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ангилсан тул 1 өдөрт хүргэлтийн ажилтнуудын тал хувь нь ажиллах шаардлагатай болсон. Тиймээс бид хүргэлтийн хугацааг удаашруулахгүй байх үүднээс дугуй болон мопедтой хүргэлтийн ажилтнуудын тоог нэмсэн. Манай байгууллагын зүгээс цар тахалтай энэ үед халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мөрдөж, хэрэглэгч бүтээгдэхүүндээ огт хүрэлцэхгүй үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. Гараас гарт ямар нэгэн бүтээгдэхүүн дамжихгүй тул халдварын эрсдэлгүй “хүрэлцэхгүй хүргэлтийн үйлчилгээ” нь өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй шаардлагатай.

Өнөөдөр хүргэлтийн үйлчилгээ эрхлэхэд тулгарч буй хамгийн том асуудлуудаас дурдвал?
Монгол улсын хаяг, байршлын нэгдсэн системийг сайжруулах шаардлага бий. Одоогийн байдлаар хаяг, байршлын санг бид өөрсдөө бүрдүүлэн, ажиллаж байна. Энэ асуудал дээр улсаас илүү, оролцож сайжруулах хэрэгтэй гэж үздэг. Цаашилбал хүргэлтийн үйлчилгээнд хамгийн их тулгардаг асуудал бол зогсоолын хүрэлцээ. Байгууллагууд энэ тал дээр дэмжиж, зогсоолын эхний 10-20 минут дээр хөнгөлөх арга хэмжээ авбал бидэнд маш том туслалцаа болно. Ялангуяа өвлийн хүйтэнд дугуй, мопедтэй хүргэлт зогсон зөвхөн машинаар хүргэхэд зогсоол хамгийн том асуудал.
Яг хөл хорионы үеэр бол машины дугаарын хязгаарлалт нь хүргэлтийн компаниудад ч хамааралтай тул хүргэлт удаашрах асуудал үүссэн. Мөн бүх төрлийн бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ нь зөвшөөрөгдөөгүй учир хэрэглэгчдийн хүссэн бүтээгдэхүүн байхгүй, өөрсдөө гадагш гарах нөхцөлийг бүрдүүлж байна.
Та хүргэлтийн зах зээлийн ирээдүйг юу гэж харж байна вэ?
Ток Ток-ийн хүргэлтийн тоо, борлуулалт нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 6-7 дахин өссөн үзүүлэлттэй явж байна. Хүргэлтийн үйлчилгээ нь зөвхөн хөл хорионы үеэс гадна бидний өдөр тутмын амьдралын хэв маягт зайлшгүй шаардлагатай үйлчилгээний нэг. Гэрээсээ гарах боломжгүй хүүхэдтэй хүмүүс, өндөр настай болон хүнд юм өргөх боломжгүй өвчтэй хүмүүст хэрэгцээт бүтээгдэхүүнийг нь түргэн шуурхай хүргэж өгөх нь чухал. Түүнээс гадна хэрэглэгчдэд яаралтай үед, өөрөө амжуулах боломжгүй үеүдэд асуудлыг шийдэж, хөнгөвчилж өгч байгаа нь хүргэлтийн үйлчилгээний гол давуу тал юм.
Олон улсын жишгийн дагуу Монгол улсад ч бас хүргэлтийн салбар цаашид өсөх нь тодорхой. Хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалан, хүргэлтийн зах зээл улам бүр томорч, өсөлттэй ажилласаар байна. Хэрэглэгчдийн хувьд хүргэлтийн аппликэйшн ашиглаж, цахимаар төлбөр тооцоо хийж сурч байна. Тиймээс бид хүн бүрийн хүссэн бүтээгдэхүүнийг хамгийн хурдан хүргэж, үйл ажиллагаагаа сайжруулахын тулд тогтмол ажилладаг.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!