Хүргэлтийн баатар - У.Бат-эрдэнэ
Би “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглах” хүний их эмч мэргэжлээр Этүгэн Их Сургуулийн 4-р курсэд суралцдаг.


Ээж минь мэс заслын эмч учраас багаасаа ээжээсээ үлгэрлэн, эмч болох чин хүсэлтэйгээр энэхүү мэргэжлийг сонгосон.

2021 оны хавар эхнэр бид 2 аз жаргалтай залуухан ээж, аав болсон.

Бид 2 анх удаа л аав, ээж гэх эрхэм цол болон хүндтэй хариуцлагыг хүлээж байгаа учир хайр цацруулан ирсэн бяцхан үрээ өлгийдөн аваад, эхнэрийгээ тэнхэртэл хүүхдээ хамтдаа асарч, хажуугаар нь хичээлээ хийдэг байлаа. Хүүхдийн живх, хоол, хүнснээс эхлээд өрх тусгаарласан залуу гэр бүлд минь мөнгөний хэрэгцээ бишгүй гарсан учир би хичээлийнхээ хажуугаар ажил хийхээр шийдсэн юм.

Фэйсбүүкээр Ток Ток хүргэгчийн цалинтай пост хараад шууд маргааш нь уулзаад, ажилдаа орчихсон. Ажлын эхний өдрөө 18 хүргэлт хийгээд их урамшиж, өдөр бүр өчигдрөөсөө илүү хүргэлт хийнэ гээд л ажилдаа гардаг. Хичээл дээрээ зөвхөн хичээлдээ төвлөрөөд, харин тараад хүссэн цагтаа байгаа газраасаа шууд ажилдаа гарч болдог учраас ажил маань хичээлийн чанар болон дүнд муугаар нөлөөлдөггүй. Ажлаа хийхдээ “хүргэгчийн апп” дээр ирдэг хэрэглэгчдийнхээ үнэлгээ болон сэтгэгдлийг уншиж бас хийсэн хүргэлтийн тоогоо өсөхийг хараад их урам авдаг шүү.

Замын түгжрэл, цас бороо гэх мэт олон асуудлаас болж зарим тохиолдолд хугацаанаасаа хоцорч хүргэхэд “Заа хүрээд ирсэн үү? Түгжрэл ёстой их байх шиг байна аа тээ” гээд хүлээцтэй, маш найрсаг угтаж авдаг хэрэглэгчид болон яараад очиход захиалгыг халуунаар нь хүлээлгэж өгдөг харилцагч ресторанууддаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. Баярлалаа.


