Хүргэлтийн баатар - Ц.Чоёндорж

Хүргэгч Mar 29, 2022
ХААНА Ч ОЧСОН ӨӨРИЙГӨӨ АВЧ ЯВАХ ЧАДВАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Би багаасаа л буу шидэм агсаж, дайн байлдаанд ялж тоглох дуртай хүүхэд байлаа. 2017 онд насанд хүрмэгцээ л цэргийн албанд татагдсан. Манай Булган аймгаас цэрэгт татагдаж буй залуус ихэвчлэн Хилийн цэргүүд болдог. Би ч мөн адил Хилийн цэргийн 0243-р ангид хугацаат цэргийн албаа хаасан юм.
Манай гэр бүлийн эрчүүд дунд цэргийн алба хаасан, албаа хаагаад тушаал дэвшин ажиллаж байгаа олон хүн бий. Цэргийн алба хүнд ямар их тэвчээр, тэсвэр хатуужил, хүмүүжил суулгадаг вэ гэдгийг аав ээж минь сайн мэднэ. Тийм болохоор намайг цэрэгт явна гэхэд шууд дэмжсэн л дээ. Манайхан цэрэгт очоод хал цэрэг, ангийн захирагч нарт зогсоо зайгүй л зодуулж нүдүүлээд байх юм шиг буруу ойлголттой. Хүн ер нь хаана ч очсон өөрийгөө авч явах чадвартай байх хэрэгтэй. Хувь хүний хандлага, төлөвшил, хүч тэнхээ, тэвчээр гээд бүгд хамаатай. Чи өөрөө л хэн байхаа шийднэ.
Аливаа амьтны эрэгчин нь байгалиасаа л сүргийн манлай байдаг. Сүргээ хамгаалдаг, дайсантай нүүр тулдаг. Эх орныхоо хилийг хамгаалж хилийн манаанд зогсох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Халагдах мөч ирэхэд бүтэн нэг жилийн хугацаа маш богино л санагддаг юм байна лээ.
Одоо эргээд бодоход цэргийн албанаас олж авсан туршлагууд маань ажил амьдралд үргэлж хэрэг болдог. Жишээ нь хүргэлтээ хийгээд явж байх үед янз бүрийн л үйлчлүүлэгч таарч, янз бүрийн л ааш аяг гаргана. Хэрвээ би цэргийн алба хаагаагүй бол хэцүү үйлчлүүлэгч нартайгаа хэзээ ч инээгээд харьцаж чадахгүй байсан. Хүргэлт ихтэй үед өлсөхгүй, ядрахгүй, шантрахгүй ажиллах ачаалал даах чадварыг мөн л цэргийн албанаас сурсан. Ядаж л лифт хүлээж зогсохгүй гүйчихнэ шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, Бид бол маш азтай хүмүүс. Цэрэгт ОРОЙН ТООЛЛОГО гэж орой бүр хийдэг. Энэ нь эрт үеэс уламжлагдаж ирсэн түүхтэй. Дайны үед өдөрт хэдэн цэрэг амь үрэгдэж, хэдэн цэрэг дараагийн тулаанд бэлэн байгааг бүртгэж, амь үрэгсдэдээ хүндэтгэл үзүүлж орой бүр дуулдаг байж л дээ. Харин бид энхийн тайван цагт эх орондоо хүслээрээ амьдарч буй азтай хүмүүс шүү.
ЭХ ОРНЫ МИНЬ ХИЛ ТАЙВАН БАЙНА!
🇲🇳