ХҮРГЭЛТИЙН БААТАР - ЦЭДЭНБАЛЖИР

Mar 29, 2022

Хийе гэсэн сэтгэл байхад арга нь заавал олддог

😊


Би Улаанбаатар хотод оюутан болж ирээд Политехникийн коллежийг 1984 онд төгсөж, 1-р цахилгаан станцад инженер, механик мэргэжлээр 34 жил ажиллаад тэтгэвэртээ буусан. Тэтгэвэрт гарснаас хойш ач зээгээ хичээл сургуульд нь зөөж, завтай цаг минь ихэссэн. Гэртээ суухаар жин нэмэгдээд, бие хөшиж, хөдөлгөөний дутагдалд ороод их тавгүй болдог юм билээ. Тэгээд л хөдөлье, зүгээр суулгүй нэмэлт орлоготой болъё гэж бодоод ажил хийхээр шийдсэн.

😁


Би нисэх, яармагийн замыг сайн мэддэг учир машинаараа өдрийн цагаар тэр хэсгүүдэд хүргэлт хийх бодолтой байв. Ашгүй Ток Ток хүргэлтийн компани “хүссэн үедээ ажиллах боломжтой, хувьдаа машинтай хүргэлтийн ажилтан авна. Цалинг 7 хоног бүр олгоно” гэсэн зар хараад, очиж уулзахад анкет бөглүүлээд л “Та ажиллаад үзээрэй” гэсэн.

😅


Ингээд ажлын эхний өдрөө нэг хүргэлтийн ажилтныг дагалдаж ажиллав. Гар утас гэдэг зүйлийг бараг тэтгэвэрт гарсан хойноо л ашиглаж үзсэн би гар утсан дээр их ажиллана гэдгийг эхний өдрөө л ойлгосон. Эхний өдрийнхөө орой нь 7-р ангийн хамгийн том ач хүүгээсээ өвөөтэйгөө хамт хүргэлт хийж, гар утас хэрхэн ашиглахыг зааж өгөхийг гуйж ажлын хоёр дахь өдрөө хамтдаа ажилласан. “Ажил хийе гэсэн сэтгэл байхад арга нь заавал олддог, харин хүсэхгүй байвал шалтаг хэзээд гарч ирнэ” шүү дээ. Ажлын гурав дахь өдрөөсөө эхлэн өдөр бүр багаар ч хамаагүй шинэ зүйл сурч, алдаа гаргавал түүнээсээ сургамж авч, алдаагаа давтахгүйг хичээн ажилласаар даруй хоёр сар өнгөрчээ.

😇


Хүргэлтийн ажил хийсэн энэ хугацаанд замын түгжрэл, цас бороо, хаяг байршил гэх мэт олон асуудлаас болж зарим тохиолдолд хугацаанаасаа хоцорч хүргэсэн удаа бий. Ямар ч үед ажлын хамт олон, харилцагч байгууллагууд, хэрэглэгчид гээд бүгд насыг минь хүндэлж харьцдаг.

😁

Нэг орой ачаалал ихтэй үед Нүхт рүү нэг хотхонд хүргэлт өгөх гэж буруу замаар яваад их л төөрч будилсан. Захиалга өгсөн залуу хэрэглэгч маань надтай ярин зам зааж өгөөд барахгүй, зам дагуу гарч ирэн захиалгаа аваад бухимдангуй орж билээ. Миний буруу учир би ч уучлалт гуйгаад ажлаасаа буусан. Харин удалгүй тэр залуу над руу залгаад “Ахаа хоол халуунаараа иржээ. Танд баярлалаа. Би сая танд хүндэтгэлгүй хандсан бол уучлаарай” гэж хэлж байсан нь сэтгэлд хамгийн тод үлдсэн.

🥰


Өдөр бүр хэрэглэгчдийнхээ “БАЯРЛАЛАА” гэдэг үгнээс бид бүхэн урам авч ажилладаг. Та бүхний хүслийг хүргэхээр ажиллаж байгаа 10 жилийн сурагчаас эхлэн тэтгэвэрт гарсан над шиг хөгшин настай хүмүүст хэрэглэгч таны хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээлэл хамгийн чухал байдаг юм шүү. Баярлалаа.

🙏
💛