ХҮРГЭЛТИЙН БААТАР - СОСОРБАРАМ

Анх ээжтэйгээ хамт түц ажиллуулж, олсон орлогоороо хүргэлтийн машинаа авч байлаа. Ээж түцэндээ зогсох хооронд нь би бараагаа зөөдөг учир чөлөөт цаг их гарна. Тэгээд л ээжийнхээ зөвлөснөөр шинэ ажлын эрэлд гарсан даа. Маш олон ажлын байрнаас “Хүссэн цагтаа ажиллах боломжтой, хувьдаа машинтай хүргэлтийн ажилтан авна” гэсэн зар нүдэнд туссан. Зарын дагуу шууд л холбогдож, хүний нөөцийн менежертэйгээ уулзахад та Ток Ток-н хамгийн анхны эмэгтэй хүргэгч болж байна гэж хэлсэн юм.

Эмэгтэй хүргэгч ер нь ховор тул анх ажилд ороход гайхаж асуудаг хүмүүс олон байсан. Одоо ч ажиллаад 1 жил болсон учир ресторанууд, байнгын хэрэглэгчид маань “өө чи юу? Зам хэр байна даа...” гээд л хэзээний танилууд шиг мэндчилнэ. Одоо төвийн бүсийн ресторан, байруудыг андахгүй бүр орцны кодтой нь мэддэг болсон доо.

Халуун дулаан уур амьсгалтай хамт олонтой болж, аппликэйшн дээр сайн ажиллаж, олон хүнтэй харилцдаг болсон гэх мэт миний ур чадварууд ч нэмэгдсээр л байгаа.
Анхны ажлын өдрөөрөө ресторануудынхаа хаяг байршлыг мэдэхгүй их төөрч будилсаар 7-хон хүргэлт хийж чадсан санагдаж байна.

Харин одоо би өдөрт дунджаар 15-20 хүргэлт хийдэг. Миний рекорд гэвэл 1 өдөрт 42 хүргэлт хийж, 42 удаа баярлалаа гэдэг талархлыг сонсох гоё байсан шүү.
Би байхгүй бол миний хүргэх байсан захиалга бусдад маань нэмж хуваарилагдаад, үүнээс болж хүргэлтээр очих хугацаа нь хойшлох магадлалтай. Тийм болохоор хэрэглэгчдийнхээ хүслийг цагт нь хүргэж баярлуулахын тулд ажилдаа орсноосоо хойш баяр ёслолын өдрүүдийг ч алгасалгүй ажилласаар ирсэн. Хүнээс БАЯРЛАЛАА гэдэг үгийг сонсох үнэхээр сайхан, энэ үгийг өдөр бүр сонсохдоо жинхэнээсээ хүргэлтийн баатар нь болчихсон мэт санагдаж илүү их хичээн ажиллахыг зорьдог.


Хүргэлт хийхэд хамгийн их сорилттой хотод бид хүргэлт хийж байгаа. Замын түгжрэл, цас бороо гэх мэт олон асуудлаас болж зарим тохиолдолд хугацаанаасаа хоцорч хүргэдэгт хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.

Харин “Зүгээр дээ замын түгжрэл ямар байгааг мэдэж байгаа, танайх хүргэлтийн үйлчилгээг Монголдоо хамгийн сайн хийдэг, үйлчилгээгээ улам өргөжүүлээрэй” гээд урмын үгсээр угтдаг хэрэглэгчдэдээ чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. Баярлалаа.
